“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАНХИМ”ЫН  НЭЭГДЛЭЭ

2022-11-11 ний содон энэ өдөр МУБИС дээр маань нэгэн сайхан арга хэмжээ болсон нь Оюутны хөгжлийг дэмжих ажлын хүрээнд "ОЮУТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАНХИМ" шинэхэн өнгө төрх, загвар дизайн, тав тухтай орчинтойгоор шинэчлэгдэн дахин үүдээ нээсэн мөч байв. Арваад жилийн өмнө анх МУБИС-ийн "Оюутанд үйлчлэх төв" нэртэйгээр байгуулагдан баяр ёслолтойгоор нээлтээ хийж байсныг тод санаж байна.

Танхимын зорилго нь оюутан суралцагчид маань хичээлийн бус цагаараа өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах чадвараа дээшлүүлэх, цахим орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, баг, хамт олноороо хамтран ажиллаж бүтээлч олон нийтийн ажлуудыг зохион байгуулах, түүнчлэн ангийн ажил, бие даалт, семинар, судалгаа шинжилгээний ажил зэрэг оюутан тал бүрийн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх таатай орчин бүрдүүлэхэд оршин байгаа юм.


Энэхүү танхимыг ийнхүү оюутан суралцагчдын маань сэтгэлд хүрсэн орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, цахимжсан, тав тухтай орчин бүрдүүлэхэд "Эртэч Монгол" ТББ-ын Н.Энхбаатар зохицуулагчтай бүтээлч, санаачилгатай баг хамт олны хичээл зүтгэлийг бахдахгүй байхын аргагүй бөгөөд тэд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ бүхнийг үнэ төлбөргүй бүтээн байгуулж өгсөнд бид бүр их баяртай байгаа билээ. 

Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн БХХА-ын дарга проф. Д.Цэдэвсүрэн, ГХА-ны дарга дэд проф.Г.Цогзолмаа, НҮА-ны дарга Б.Батсолонго, МТА-ны дарга Ц.Энхбат, БоСС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар, ДУТС-ийн захирал доктор С.Батцоож, МУБИС-ийн Оюутны холбооны тэргүүн оюутан Б.Ариунтуяа /БоСС/, дэд тэргүүн оюутан Анхбаяр /ДУТС/ нар болон хүрэлцэн ирсэн бүрэлдэхүүн сургуулиудын Хөтөлбөрийн албаны дарга нар, мэргэжилтнүүд, эрдэмтэн багш нар, оюутнуудын төлөөлөл, бусад зочид төлөөлөгч нар оролцлоо.